2010/11/20

Алхам алхмаар өөрийгөө зогсолтгүй боловсруул

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны Залуучуудын Холбооны тэргүүн Д.Мөнхболдтой уулзан ярилцлаа. Залуучуудын Холбооны үйл ажиллагааны талаар ажилтан залуус та бүхэнд хэрэг болохуйц ярилцлага болсон гэдэгт итгэлтэй байна.
Сайн байна уу? “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны Залуучуудын Холбооныхон ойрын хугацаанд ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?
Өнөөгийн Эрдэнэт сонины уншигчид, үйлдвэрийн хамт олон, Залуучуудын Холбооны идэвхтэн гишүүд, залуучууддаа энэ өдрийн мэнд дэвшүүлье. Манай Залуучуудын Холбооноос 2010 оныг “Залуучуудын хандлагыг өөрчлөх жил” болгон зарласнаараа холбоотой холбооны удирдах зөвлөлөөс баталсан үйл ажиллагааны хүрээнд ажлууд явж байна.
Он гарснаас хойш бид “Хандлагыг өөрчлөх нь” ерөнхий сэдвийн хүрээнд Улаанбаатар хотоос лектор Н.Нямцэрэн, Наранцэцэг, Н.Амарбаясгалан нарыг урин Уурхайчин соёлын ордонд 6 удаагийн лекцийг “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны ажилтан залуучуудын хэмжээнд зохион байгуулсан.
Энэ оны 4 сараас эхлэн Баяжуулах Фабрикын хамт олон үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр залуучуудынхаа хүчээр төсөл бичиж Баяжуулах Фабрикын хогийн цэг байсан газрыг цэвэрлэн, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар ойн төгөл байгуулах ажил эхэллээ.
5 сард С.Дэлгэрмаа тэргүүтэй үйлдвэрийн 14 залуучуудаас бүрдсэн баг Эрхүүгийн Улсын Техникийн Их Сургуульд багш оюутнуудтай нөхөрсөг уулзалт хийж, туршлага солилцлоо.
6 сард үйлдвэрийн ажилчин залуус уул уурхайн ижил төстэй байгууллагуудтай танилцаж, мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцан туршлага солилцох зорилгоор Бор-Өндөр УБҮ далд уурхайг үзэхээр АТБ-аас Т.Ганболд ахлагчтай 15 хүнтэй баг зочлоод ирлээ.
7 сарын 13-30-ны өдрүүдэд үйлдвэрийн 22 цех хэлтсээс шалгарсан 22 шилдэг ажилтан залуусыг Дулааны Станцын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч Д.Дарханбаяр удирдан Хөвсгөл аймаг руу тойрон аялалд яваад ирлээ.
8-р сарын 07-08-ны өдрүүдэд манай ЗХ-нь ХХБО-ны хэлтэс ЭСА Онцгой Байдлын Штаб, Гал унтраах 58-р анги хамтран Спорт цогцолбор, Уурхайчин Соёлын Ордон, МСА-тай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, гамшгаас хамгаалах асуудлыг сурталчлах зорилготой “Алтан Бамбай 2010” наадмыг амжилттай зохион байгуулсан.
Эрдэнэт хотын бэлгэ тэмдэг болсон “Найрамдлын Өндөрлөг”-ийн хашааг залуусынхаа идэвхи зүтгэл, хөдөлмөрөөр тохижуулсан гээд бидний хувьд олон бүтээлч ажлыг амжуулаад байна.
Үйлдвэрийн Залуучуудын Холбоонооос олон аялал, туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулдаг, уг арга хэмжээнд оролцох залуу ажилчдыг ямар шалгуураар, хаанаас, хэрхэн сонгодогбэ?
-Энд нэг зүйлийг залруулахад зарим нэг хүмүүсийн дунд манай ЗХ-г зөвхөн тэргүүлэгчдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэсэн ойлголт байдаг. Энэ бол ташаа ойлголт. Аливаа арга хэмжээ, уулзалт, семинар, аялалд оролцох залуусыг хамт олных нь дундаас, тухайн цех хэсгийн дарга ЗХ-ны тэргүүлэгчтэй зөвлөлдсөний үндсэн дээр шалгаруулдаг. Залуу хүн бүрт боломж нээлттэй байгаа. Гагцхүү хувь хүн тэр боломжийг хэрхэн ашиглах, хамт олныхоо дунд хэр нэр хүндтэй байх, бусдын итгэлийг хэрхэн өөртөө хүлээх зэргээс бүх зүйл шалтгаална. Ер нь миний ажигласнаар Эрдэнэт үйлдвэрийн ажилтан залуус ижил төстэй уул уурхайн байгууллагуудтай танилцсанаар Дэлхийн тэргүүлэгч 40 том үйлдвэрийн нэгд ажилладгаараа, хамт олон, ажил хөдөлмөрөөрөө, үйлдвэрээрээ цаашлаад өөрөөрөө бахархах сэтгэл илүүтэй болдог мэт санагддаг.
“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ны залуусын тарьж буй төгөл хэр сайн ургаж байгаа вэ? Яаагад заавал мод тарих болсон бэ?
Хүний амьдралыг утга учиртай болгодог 3 үйлийг хүн заавал бүтээх ёстой гэдэг.
Нэгт: Гэр бүл зохион, үр хүүхэдтэй болж, сайн хүн болгон өсгөн хүмүүжүүлэх.
Хоёрт: Ном бичих
Гуравт: Мод тарихгэсэн үг бий. Мод тарих, байгаль орчноо хамгаалах бол орчин цагийн Монгол залуухүний үүрэг гэж манай хамт олон үзсэний үндсэн дээр “Эрдэнэт Мандал” овооны орчим 60 гаруй залуус оролцон мод тарьж эхэлсэн. Мэргэжлийн байгууллагын зааврын дагуу ажилласны хүчинд төгөл 80%-тай ургаж байгаа.
Үйлдвэрийн Залуучуудын Холбоо ямар гишүүнчлэлтэй вэ? Танай холбооны үйл ажиллагаанд жирийн ажилтан залуус идэвхитэй оролцъё гэвэл яаж холбоо барьж, хэнтэй хэрхэн уулзах вэ?
-Манай Залуучуудын холбоо бол хатуу гишүүнчлэлгүй байгууллага биш. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд ажилладаг 39 хүртэлх насны бүх залууст нээлттэй гишүүнчлэлтэй.Нэг үйлдвэрт ажилладаг залуус өөр хоорондоо танилцах, нөхөрлөх, ажлын бус цагаар ажил мэргэжлийн туршлага солилцох, чөлөөт цагаа зөв боловсон үр өгөөжтэй өнгөрүүлэх, бие биетэйгээ уулзаад, бүтээлч, нийгэмд тустай үйл ажиллагаа зохион байгуулах, нэг нэгэндээ туслах, мэдээллийн зах хязгааргүй ертөнцөөс зөв мэдээлэл, зөв мэдлэгийг түгээх, залуусынхаа санаа , санаачлагыг дэмжих зэрэг хамт олны хамтын ухамсрыг дээшлүүлэх, хүн лүгээ хандсан, гэр бүл рүү чиглэсэн ажлууд бол манай ЗХ-ны үйл ажиллагааны үндсэн чиглэл, бидний баримталдаг зарчим байдаг. ӨЭ сонины энэ дугаар ЗХ-ны цех, хэсгүүдийн бүх тэргүүлэгчидтэй холбоо барих мэдээллийг өгье. Холбооны байр “Эрдэнэт” сувиллын Амбулаторийн 4 давхарт 409 тоотод байрлаж байгаа. Ажлын цагаар байнга хүнтэй байгаа. Заавал тэргүүлэгч гэхгүй бүх залуус холбооны ажилд оролцох боломжтой. Зөв санал санаачлага гаргаад, төсөл бичээд, байран дээр биечлэн ирээд, хүсэлт, бодол сэтгэгдлээ хэлээд ирэх хэн бүхний өмнө манай үүд хаалга нээлттэй.
Холбооны ажилд идэвхитэй оролцдог залууст ямар боломж, давуу талууд бий болдог вэ?
Хамгийн гол нь ЗХ-нд ажилласнаар зөв төлөвшдөг, хүнтэй харилцаж сурдаг, багаар ажиллаж хэвшдэг. Хувь хүнийхээ хувьд хөгждөг. Боловсролын үнэ цэнийг илүүтэйгээр мэдэрдэг. Алхам алхмаар өөрийгөө зогсолтгүй боловсруулж эхэлдэг. Ядарсан тусладаг, зүдэрсэндээ туслах сэтгэлтэй болдог. Ингэснээрээ хүнд хэцүү үед бусдаасаа, хамт олноосоо тусламж хүсэх , туслуулах ёс суртахууны эрхтэй болдог. Хүн, хүн шиг амьдаръя гэвэл хүмүүсийн дотор амьдрах ёстой. Зөвхөн “Би”-гээ дээдэлсэн аминчхан үзлээсээ салж, өөрийгөө давтагдашгүй хувь хүн гэдгээ мэдэрч, мөн хамт олны салшгүй хэсэг гэдгээ ухаардаг. ЗХ-ны ажил хийнэ гэдэг өөртөө ажил хийж байна гэсэн үг. Ер нь ЗХ-нд ажилласан залуус эерэг талаасаа өөрийгөө харуулж чаддаг. Олон нийтийн ажилд оролцоод муудсан, өнгө зүс алдсан, сэтгэлгээний хувьд хоцрогдсон залуусыг би л лав мэдэхгүй.
“Хандлагаа өөрчлөх нь”-ийн хүрээнд энэ намар ямар лекц, семинар, сургалтууд явах вэ?
Манай гишүүдээс санал гаргасны дагуу үйлдвэрийн залуучуудын дунд Бэлэн мөнгөний зарцуулалт, хяналт, мөнгөтэй хэрхэн харьцах тухай Төлөвлөгөөтэй амьдрах, гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн орчин дах хүүхдийн хүмүүжлийн тухай
Хувь хүний чадамжуудыг төлөвшүүлэх тухай гэсэн 3 чиглэлээр сургалт, лекцүүдийг зохион байгуулна. Цаг тухай бүрд нь холбооноос мэдээлэх болно. Та бүхнийг холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүсье.
Ярилцсанд баярлалаа.

1 comment: