2011/02/15

С.ДЭЛГЭРМАА: Эгчийнхээ бэлэглэсэн ягаан хамбан дээлээр гоёно доо

Энэ удаагийн зочноор “Эрдэнэт” үйлдвэрийн шинжилгээний төв лабораторын судлаач инженер Сумъяабазарын ДЭЛГЭРМАА уригдлаа.
Тэр өөрийгөө адгуу зантай гэж тодорхойлсон. Эхний ажлаа хурдан гараасаа гаргаж байж санаа зоволгүй дараагийн ажилдаа орохыг хичээдэг гэнэ. Нээрээ ч түүнтэй утсаар яриад 18.00-д уулзахаар цаг товлов. Тэгсэн гурван цагийн өмнө “Ажлын далимаар...” гэсээр ороод ирсэн. “Заваараа зургаа авчирч өгөөрэй” гэж хэлээд хажуу өрөөнд ороод ирэхийн хооронд хэзээний ирээд эзэнтэй байсан компьютерт хэдэн зураг хийж орхиод явсан байв.
Хурдтай бас цэгцтэй ажиллана гэдэг хүний хувийн зохион байгуулалттай холбоотой. Тэр хэрээр түүний ажлын төлөвлөгөө шахуу, бүтээмж өндөр байдаг биз.     
-Ажил хэр байна даа?
-Үндсэн ажлынхаа хажуугаар эдийн засагчаар хавсарч ажиллаж байгаа болохоор  ажил чамлахааргүй байна. 
- Ямар мэргэжилтэй вэ?
- Цөмийн физикч. Цөмийн физикийн хамгийн энгийн хэрэглээг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд би “Эрдэнэт” үйлдвэрт анх ажилд орж байсан. Хүдрээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатны бүтээгдэхүүнүүд дэх элемэнтийн агуулгыг тодорхойлдог багжийг үйлдвэрлэлд нэвтрүүлж ажлын гараагаа эхэлж байлаа.
-Баяжмалын чанарыг танай лаборатори шинжлэх үү?
-Тэгнэ. Эрдэнэтийн зэс гэхээр л хүмүүс гарт баригддаг төмөр зэс байх шиг ойлгодог. Би ямар сайндаа 2000 онд удирдлагын академид “Зэсийн үнийн удирдлага” гэсэн сэдвээр диплом хамгаалахдаа сонирхуулах гэж үйлдвэрийнхээ эцсийн бүтээгдэхүүнээс дээж аваачиж байхав. Тэгэхэд манайхан харчихаад “Хөөх, ийм зэс байдаг юм уу. Энэ чинь хар шороо л байна шүү дээ” гэцгээж байсан. Өөрөөр хэлбэл тэр хар шороон дотор зэс дөнгөж 23,5 хувийг эзэлж байгаа юм. Бусад нь өөр холцууд гэсэн үг. Зэсийн чанар хүдрээс шууд хамаардаг.
-Дэлхийн зах зээлд нийлүүлж буй манай баяжмалын чанар хэр вэ?
-Үйлдвэр дөнгөж ашиглалтад ороод хүдэр боловсруулж байхад зэсийн агуулга 0,85 байсан. Одоо бидний боловсруулж байгаа 0,53-тай байна. Орд газар гүнзгийрэх тусам агуулга улам буурна. Магадгүй 20-30 жилийн дараа 040-035 болох байх. Зэсийн агуулга багатай хүдрийн баяжмалын чанар тэр хэрээр буурна.
-Гэтэл хамгийн гол үзүүлэлт болох металл авалт жил ирэх тусам өсөөд байгаа шүү дээ
-Тийм. Манайх өмнө нь хүдэр дотор байгаа зэсийн 80 хүртэл хувийг авдаг байсан бол одоо 86 хувийг авдаг болсон. Тэр их шороо, 26 сая тонн хүдрээс 520 000 тонн зэс авсан. Яг металл нь гэвэл 130 000 тонн. Өөрөөр хэлбэл 130 000 тонн гэдэг тоо маань өссөн. Байж болох хэмжээнээсээ бидний авч байгаа металлын хэмжээ өссөн нь хамгийн гол үзүүлэлт.
-Ажил нэлээн ярьчихлаа. Бар жил таны хувьд ямар жил болж өнгөрөв өө?
-Их ажлын жил байсан. 2009 оны есдүгээр сард Залуучуудын холбооны ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбооны удирдах зөвлөлд сонгогдсон. Дараа нь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бага хурал болж “Эрдэнэт” үйлдэрийнхээ Эмэгтэйчүүдийн зөвлөлийн удирдах зөвлөлд бас сонгогдсон. Олон нийтийн хоёр том байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн байна гэдэг ажил ихтэй бас давуу тал ихтэй. Хүнтэй харьцаж, мэдэхгүй олон зүйлд суралцаж байна. Залуучуудын холбооны шугамаар тавдугаар сард үйлдвэрийн 14 залуугаас бүрдсэн багийг ахалж Эрхүү яваад ирсэн. Улсын хэмжээний сонгон шалгаруулалтын дүнгээр, үйлдвэрийнхээ зардлаар Германд нэг сар мэргэжил дээшлүүлсэн. 2010 оны ажлаараа оны онцлох шилдэг инженер техникийн ажилтан номинацид нэр дэвшиж шилдэг гуравт шалгарсан гээд дурдаад байвал хийсэн ажлын зэрэгцээ ололт амжилт ч ихтэй жил байлаа.
-Таны ажилдаа баримталдаг зарчим...?
-Би их адгуун зантай гэх үү дээ. Аливаа ажлыг гараасаа хурдан гаргаж байж санаа амардаг. Хийнэ дээ гээд удаагаад байх дургүй. Өнөөдрийн юмыг өнөөдөрт нь заавал хийж дуусга гэсэн зарчимтай. Бас их санаа зовомтгой. Хийж болохгүй байгаа зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлчихдэг. Үүнээс болж хөгжилтэй явдал тохиолдох нь ч бий.
-Жишээ нь...?
- Чадахгүй байсан бодлогоо шөнө зүүдлээд бодчихдог. /инээв/.
-Мөрөөдөл биелдэг гэдэгт би итгэдэг. Харин та...?
-Би ч бас итгэдэг. Мөрөөдөл биелэж байсан тохиолдол их. Хамгийн тод жишээ гэвэл 2006 онд Залуучуудын холбооноос “Үйлдвэрлэл ба онол” гэсэн онол практикийн бага хурал зохион байгуулдаг юм. Би шагналт байранд орчих юмсан гэж л мөрөөдөж байсан. Тэр үед үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Наранхүү гуай байсан. 31 илтгэлээс үлдсэн найман илтгэл дээр Х.Наранхүү захирал өөрийн биеэр суусан юм. Захирал миний илтгэлд их ач холбогдол өгсөн. Тэр үед молибденийг нэг их анзаардаггүй, хаягддаг байсан юм. Молибден руу чиглэсэн судалгаатай илтгэл нь минийх байсан болохоор тэр байх. Тэгээд би хоёрдугаар байранд орж их баярласан бас их урамшсан. Дараа жил нь нэгдүгээр байр эзэлсэн.
-Гурав дахь удаагийнх нь өнгөрсөн 11 дүгээр сард болсон. Оролцсон уу?
-Оръё гэсэн бодол байсан. Хүмүүс болохоор “Чи дандаа нэг, хоёрыг нь авдаг. Одоо болимоор юм” гээд болдоггүй. Тэгэж байтал намайг шууд хурлын нарийн бичгээр тавиад, өрсөлдөх ямар ч боломжгүй болгочихсон. /инээв/
-Та олон найзтай юу?
-Найз гэхээсээ илүү надад итгэдэг хүн олон байгаад би баярладаг.
- Залуусынхаа талаар сэтгэл зовинож явдаг зүйл?
-Манай үйлдвэрийн залуус 07.20-д гэрээсээ гараад 17.05-д ажил тарж  автобусаар хариад гэрээсээ гардаггүй. Ингээд л өдрийн амьдрал нь дуусна. Улаанбаатарын хэмнэлд энэ бол яагаад ч нийцэхгүй, хөгжихгүй, хоцрогдоод “арчигдана”. Эвлэрсэн энэ байдалд залуучууд удаан байх нь нэг их сайн биш гэж би боддог. Мэдээлэл технологи хөгжсөн үед зүгээр байхгүй интернэт, бусад мэдээллийн шугамыг ашиглаад өөрсдөдөө илүү хэрэгтэй зүйлийг санаачилж хийх, сурах хэрэгтэй.
-Тэгвэл өөрийнхөө дутагдлыг шударгаар шүүмжлээч?
-Ёстой нэг том дутагдал бий. Аливаа юмыг хийхдээ өөртөө хэт ачаалал үүрүүлдэг. Ажил, амьдрал хоёроо ялгаж салгаж чаддаггүй гэж манай хүн намайг зэмэлдэг юм. Тэр ч үнэн. Нэгдүгээр сарын нэгэн болж байхад зардлын төлөвлөгөөгөө хийж чадаагүй гэж бодогдоод шөнө нойр хүрэхгүй хоёр цагт босоод ажлаа хийх жишээтэй. Гэр бүлдээ цаг заваа зориулж, ажил амралтаа зохицуулах нь хувь хүний бас нэгэн чадвар юм л даа. Даанч би чаддаггүй.
-Сар шинэ хаяанд иржээ. Цагаан сардаа бэлдсэн үү гэхээс илүү бүсгүй хүн болохоор чинь гоёлоо бэлдсэн үү гэж асуумаар байна?
-Бэлдсэн. Эгчийнхээ бэлэглэсэн ягаан хамбан дээлээр гоёно доо. Бид эгч дүүс есүүлээ. Тэд маань хол байдаг болохоор тэр бүр очиж чаддаггүй.  
-Цагаан сар гэхээр хамгийн түрүүнд санаанд тань юу буудаг вэ?
-Би цагаан сарыг олноороо цуглаж суугаад дуулах нь дуулж, ерөөл магтаал хэлэлцэж хэдэн цагаар найрлаж баярлаасай гэж хүсдэг. Дээхэн үед монголчууд тэгэж л цагаан сараа тэмдэглэдэг байсан байх. Одоо бол хальт гар зөрүүлж золгосон болоод, бууз жигнүүлсэн л бол дараагийн айл руугаа яардаг. Нэг өдөр төдөн айлд очих ёстой гээд айлд гялс ороод гардаг. Энэ байдал надад ерөөсөө таалагддаггүй. Монгол ардынхаа дууг дуулж чаддаггүй юмаа гэхэд ядаж дагаж аялаад, ярьж хөгжөөд суувал илүү сайхан байхгүй юу.
-Сүүлийн хариултыг асуултгүй үлдээе
- Хамт олонгүйгээр би өөрийгөө төсөөлж чаддаггүй. Ээжийн минь оронд ээж, аавын минь оронд аав болсон хамт олондоо, Ц.Туяа даргадаа юу юунаас илүү баярлаж явдгаа танай сониноор дамжуулан илэрхийлье. Та бүхэн маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.     
М.ОДГЭРЭЛ

No comments:

Post a Comment