2010/12/01

Буудлагын тэмцээний орой анд яваад чонотой ирсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн Залуучуудын холбооноос Геологи хайгуулын ангийн нэрэмжит буудлагын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Есөн цехийн 30 гаруй залуу овоо хараа, анхаарлаа сорьсноос Баяжуулах фабрикийн цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн бутлан тээвэрлэхийн ахлах инженер Ц.Гүррагчаа түрүүлэв.
Түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.  
  
- Буудлагын тэмцээнд түрүүлсэн Танд баяр хүргэе!
- Баярлалаа. Буудлагын тэмцээнд анх удаа орж түрүүлсэндээ баяртай байна. Гэнэтийн шийдвэр байсан л даа. Өөр хүн оруулах гээд хайж яваад олдохгүй болохоор нь өөрөө орчихсон юм.
- Ямар амжилт үзүүлж ялалт байгуулсан бэ?
- Ака буюу урт бууны төрөлд 30 оноо авахаас гурван буудлагын нийлбэрээр 28 оноо авч “Мэргэн буудагч” гэдэг шагнал хүртсэн. Манай баяжуулах багийн дүнгээр хоёрдугаар байрт орсон.
- Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Бид анх цагдаа, дотоодын цэрэг хоёрын аль нэг нь л түрүүлэх байх гэж бодоод жаахан жийрхэж байсан. Байнгын бэлтгэлтэй байдаг улстай өрсөлдөх амаргүй санагдаж байсан л даа. Гэхдээ бид хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Манай ганц алдсан юм гэвэл гар бууныхаа төрөлд ганц ч оноо авч чадаагүй. Аканы төрөлд багийн гурван гишүүн маань гурвуулаа сайн буудаж дотоодын цэргээс нэг л оноогоор ялагдсан.    
- Буудлагын спортоор хэдэн жил хичээллэж байна?
- Хичээллэж байгаагүй ээ. Зүгээр л сонирхдог гэх үү дээ. Би Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн. Манай нутаг тарвага зурам элбэгтэй сайхан газар байдаг юм. Тэр тусмаа миний унаж өссөн газрын тэр хавь Их шавар, Бага шаварт тарвага зурам бүр ч их. Бага байхдаа ах нараа дагаж анд явдаг байлаа. 
- Ямар үүрэгтэй явахав?
- Морийг нь харах, хөтлөх үүрэгтэй явна шүү дээ. Сүүлдээ ядраад уйлна. /инээв/ Жаахан том болоод нохойгоо дагуулаад өөрөө явна. Аав маань ах нарыг дагуулаад буугаа үүрээд анд явахад нь би хэзээ нэг аавтай ингэж анд явах бол гэж боддог байж билээ.
-Тэгээд аавтайгаа хамгийн анх хэзээ анд явсан вэ?
- 10 дугаар анги төгсөөд. Аав эхлээд зурам агнахыг зааж өгсөн. Дараа нь тарвага буудаж сургасан. Тэгээд л удахгүй бие дааж калебриар бууддаг болсон доо. Том ан гахай нохойнд ахыг дагаж явж байснаас биш буудаж байгаагүй ээ. Харин тарвагыг бол гаргаахгүй буудна шүү. /инээв/ Тэр утгаараа тэмцээнд ороод үзье гэж бодсон юм. Акагаар анх удаа буудаж үзлээ.  .
-Ямар байна?
-Гоё юм байна лээ. Овоо хараа томтой. Калебрь мэргэн ч гэсэн овоо хараа нь жижиг, харагдалт багатай. Ака бол сайхан юм байна лээ. Ер нь цаашид буудлагын спортоор хичээлэе гэж бодож байгаа. Даана ч манай Эрдэнэтэд энэ төрлийн секц дугуйлан байхгүй.   
-Харамсалтай юм. Цэрэгт явсан уу?
-Үгүй. Цэргийг сая дүйцүүлэх албаар хаасан. Мөнгөн журмаар. 
-Хувьдаа буутай юу?
- Байхгүй. Ер нь авая гэж бодож байгаа. Энэ тэмцээнээс хойш их шохоорхож эхэлсэн. Сүүлийн үед ан гөрөөнд ч нилээн явдаг боллоо. 
- Хамгийн сүүлд хэзээ анд явсан бэ?
- Буудлагын тэмцээний орой анд яваад чонотой ирсэн.
- Хаашаа...?
-Энүүхэн хойшоо Чулуут руу. Тэр өдөр их хийморьтой байсан л даа. Тэрний яг урд өдөр нь манай үйлдвэрээс уламжлал болгон зохион байгуулдаг эрчим хүчний хэмнэлтийн уралдаанд бид нэг, хоёрдугаар байранд ороод, маргааш нь буудлагын тэмцээнд түрүүлээд, орой нь анд явж чоно авлаад, энэ хоёр өдөр үнэхээр хийморьтой сайхан байсан. 
-Тийм байх нь. Таны авлаж байсан хамгийн том ан?
-Чоно. Чоно гэдэг амьтан ижил заяатандаа харагдаж илүү заяатандаа алагддаг гэдэг биз дээ. Түүнээс биш үнэг, буга агнаж л байсан. Буга хориотой амьтан болохоор хамаагүй ярьж болохгүй байхаа. /амаа дарав/
- Анд голдуу хэнтэй явдаг вэ?  Ганзага нийлдэг хүн гэж байдаг шүү дээ
- Үнэн шүү. Ганзага нийлэхгүй хүнтэй явбал ан харагдахгүй шүү дээ. Хөдөө байхдаа ах нартайгаа л явдаг байлаа. Манай Батжаргал гэж ах сумандаа нэг номерийн анчин. Бид хоёрын ганзага их нийлнэ. Ангаас хоосон ирж байсан удаагүй. Харин энд ирээд анд бараг явдаггүй байж байгаад хавраас хэд явсан. Тэгэхдээ шүүн хатаах цехийн Мягмарсүрэн, Оюунбаяр, Энхбат бид гурав явдаг юм. Ганзага нийлэхээр юм байна лээ, явах болгондоо л юмтай ирээд байгаа. Сая буудлагын тэмцээнд ч гэсэн бид нэг баг болж оролцсон.   
-Тэгвэл ч жинхэнэ ганзага нийлэх улс байна. Амралтаа өөрөөр хэрхэн өнгөрөөдөг вэ?
- Салхинд гарч байгалийн сайханд аялах дуртай. Бөх үзэх маш хорхойтой. Ямар ч бөх гарсан зурагтын өмнөөс салахгүй шүү дээ. 
-Бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?
- Өсөхбаяр аваргыг дэмждэг. Сүүлийн үед өөрийнхөө аймгийн цэргийн хурц арслан Санжаадамбыг их дэмжиж байгаа. Дээрээс нь Улсын начин Бат-Эрдэнэ, Улсын заан Өсөхбаяр гэхчилэн барилдааныг нь үзэхээр урам сэргэмээр сайхан бөхчүүд байнаа.
-Бөх сонирхдог монгол эр хүн бас морь сонирхдог л байлгүй
-Сонирхолгүй яахав. Хүүхэд байхдаа морь уяад өөрөө унаж байлаа. Азарга маань  баригадын наадамд аман хүзүүдэж, сумандаа 10 дээр ирж байсан юм. Түрүүлж явснаа суугаад 10 дээр ирэхэд нь уйлаад бөөн юм болж байж билээ.  
-Өөрийн морь уралдаад орж ирэхийг харах ч сайхан шүү. Ирэх зун морь уяад Эрдэнэтийнхэнд хэн болохоо харуулахгүй юу
-Одоохондоо боломж тиймхэн байна. Яваандаа нас жаахан тогтоод ирэхээр морь уяна гэж бодож байгаа. Энд манай нэг ах байдаг ш дээ. Эрдэнэтийнхэн бараг бүгд таних байх даа. “Талын нуур”-ын Батболд гээд аймгийн наадам бүрийг тайлбарладаг.
-Өө, тиймүү. Танай ямар хамаатан юм бэ?
-Манай ээжийн төрсөн дүү байхгүй юу. Ахын хонгор морь Эрдэнэтийн наадмын түрүүг хоёр гурван ч удаа авсан. Бас нэг бор морь бий. Бас л Эндэнэтийн наадамд хэд түрүүлсэн. Тэднийг харахаар зүрх өөрийн эрхгүй огшдог юм. Одоохондоо надад хийх ажил их байна. Залуу насандаа нэг сайн ажиллаад авая гэсэн бодолтой байдаг. Цаг ирж нөхцөл бүрэлдэхээр морь уяна даа.
- Их ажлын хажуугаар зав гаргасанд баярлалаа.

Ц.Гүррагчаагийн ажлын байранд бид ярилцсан юм. Тэр найман жилийн өмнө ажилд анх орохдоо чичиргээ, дуу чимээ, үнэрт нь дасахгүй их зүдэрдэг байсан гэнэ. Харин одоо ажлынхаа жинхэнэ амтанд ороод бие, сэтгэл нь уяаны морь шиг болсон гэж ярив. 
Ярилцсан: М.ОДГЭРЭЛ

No comments:

Post a Comment